Шинэ жилийн баярын уур амьсгал хэдийнээ орж, хүн бүрийн сэтгэл гэгэлзэнхэн байгаа энэ үед хаа сайгүй л энэ баярын тухай дуу, клип эгшиглэнэ. Мөн энэ үеэр ч хамтлаг, дуучид энэхүү баярт зориулан шинэ жилийн дуу, клипээ олны хүртээл болгодог уламжлалтай. Тэгвэл “Anemone” хамтлагийн охид энэ уламжлалыг эвджээ. Тэд энэ гайхалтай баяр дээр баяр нэмэхээр гэгээн хайрыг өгүүлэх цоо шинэ дуу, шинэ клиптэйгээр сонсогч залуустайгаа уулзах гэж байна.
Сонсогч, фенүүдээ багагүй хугацаанд хүлээлгэсэн тэд өнгөрсөн хугацаанд шинэ цомгийнхоо ажилдаа ханцуй шамлан орж, дуусах шатандаа оржээ. Харин одоо танд хүрэх гэж буй “Хэлээгүй” нэртэй шинэ дууных нь бичлэг, миксинг, мастеринг буюу дууны тохиргооны ажил, цаашлаад видео клип гээд уран бүтээлчдийн нүсэр ажлыг гүйцэтгэж дуусчээ. “Хэлээгүй” дуу нь тэдний удахгүй гарах “Anemone” анхны цомогт нь багтах төдийгүй хөгжмийг “UP MUSIC” продакшны хөгжмийн продюсер Н.Халиун, шүлгийг авьяаслаг залуу яруу найрагч П.Нарангэрэл бичжээ. Харин клипийг нь “V” студийн чадварлаг уран бүтээлчид хийж гүйцэтгэж байна.
"Хэлээгүй" дууны тохиргооны ажил Сингапурт энэ чиглэлээр мэргэшсэн уран бүтээлч дээр хийгдсэнээрээ онцлог болсныг хамтлагийнхан хэлж байсан. Мөн хамтлагийн охидын энэ удаа бүрдүүлсэн стиль имиж нь ямар гайхалтай зохицсоныг удахгүй гарах клипнээс нь харах биз ээ. Учир нь, “Anemone” хамтлагийн шинэ дууны клипний нүүр будалт, үс засалт, стиль имижийг "Киви" хамтлагийн дуучин Ука тодорхойлсон байна. Энэ мэтчилэн шинэлэг зүйл арвинтай шинэ бүтээл тун удахгүй таны сонорт, бас мэлмийд хүрэх нь ээ.
Түүнчлэн тус хамтлагийнхан уран бүтээлээ цаг хугацаанд баригдалгүйгээр чанарыг эрхэмлэн ажиллаж байгаа гэнэ. Тиймдээ ч тэдний туурвиж буй уран бүтээл бүхэн хүнд хүрч, олон жилийн настай байдгийг сонсогч, фэнүүд нь хэлүүлэлтгүй мэдэх байх. Ингээд тэдний өнөөдрөөс эхлэн цацагдах шинэ клипний teaser-ийг хамтдаа үзэж сонирхцгооё. Харин энэхүү дуу нь ирэх долоо хоногоос эхлэн бүх фм, радиогоор цацагдаж, дараа нь клип нь бүрэн эхээрээ дэлгэцнээ гарч эхлэх юм байна.
"Гэсэн ч би хайрлах сэтгэлээ
Хүслийнхээ гүнд нууж чадахгүй" энэ бол "Anemone" хамтлагийнхны өгүүлэх ээлжит шинэ хайрын түүх...
Тэсэн ядан хүлээе залуусаа!
0 Сэтгэгдэл:
Post a Comment