"Michael learns to rock"-ийн гайхалтай үдэш

Танхим дүүрэн үзэгчид хүсэн хүлээсэн мөч иртэл “M L T R!” хэмээн хоолой нэгтгэн орилолдов. Тэд алдарт “Sleeping Child” дуугаараа тоглолтоо эхлүүлээд “Hello Mongolia! Hello Ulaanbaatar!” хэмээн мэндчилэн “Монголд ирсэндээ баяртай байна!” гэлээ.
Даралтат хөгжимчин, гоцлол дуучин  Яша Рихтер (1963), бөмбөрчин Кэйр Воншер (1969), соло гитарчин Миккель Ленц (1968)  болон бас гитарчин Сорен Мэдсен (1967) нарын бүрэлдэхүүнтэй “Michael learns To Rock” хамтлаг олон зуун шүтэн бишрэгчдийнхээ сэтгэлд хоногшсон сайхан дуунуудаа уянгалуулсан бөгөөд сүүлийн үеийн шинэ дуунуудыг эс тооцвол үзэгчид бараг бүх дууг даган дуулцгааж байв. Дуучин Яша Рихтер үе үе үзэгчдийн дундуур явж тэдэнтэй  мэндчилж байлаа.  Хамтлагийнхан шинэ дуунуудаасаа сонордуулсан ч өмнө нь сонсч байсан мэт нэг л дотно санагдаж байв. Учир нь тэдний дуунууд  ихэвчлэн хайр дурлалын сэдэвтэй уянгалаг аялгуутай учраас дуу бүр нь сэтгэлд ойр байдаг юм.Тоглолтын дундуур их юм ярихгүй байсан ч тэд үзэгчдийг байлдан дагуулах тал дээр мэргэшсэн хүмүүс.  Тэдний хамгийн ихээр алдаршсан “The Actor”, “Paint my love”, “Blue night”, “Breaking my heart”,  “You Took My Heart Away”, “It’s gonna make sense” зэрэг дуунуудыг нь үзэгчид даган дуулцгааж байв. Солон дуучин Яша Рихтерээс гадна гитарыг чадамгай тоглож, тайзан дээр илүү чөлөөтэй биеэ авч явдаг соло гитарчин Миккель Ленц үзэгчдийн анхаарлыг ихэд татаж байв.

Ингээд “Very Asian song” буюу “Азид маш ихээр алдаршссан” гэж тэдний тодорхойлсон “Take me to your heart” дуугаа эхлүүлэхэд л үзэгчид танхим даяар орилолдов. Хүн бүрийн мэддэг энэ дууг тун баяртай хүлээн авч үг мөр бүрийг хэнээс ч илүүтэй хоолой нийлүүлэн дууллаа.


Тоглолт эхлээд цаг гаруй хугацаа өнгөрөхөд ““25 Minutes” дуугаа дуулах уу?” гэж асуухад нь үзэгчид “Yeah!!!”  гэж хариулав. Харин “энэ сүүлийн дуу шүү” хэмээн “анхааруулбал” үзэгчид тэр аяараа “No!!!”  хэмээн хашгирав. Ингээд “сүүлийн дуу” гэж тодорхойлсон “25 Minutes”-ийг дуулаад “Баярлалаа, баяртай” хэмээн тайзны ард орцгооход үзэгчид ч зүгээр ингээд явчихыг хүссэнгүй.“MLTR”-ийнхэн тоглолтыг ямар тактиктай хийж, хэрхэн өндөрлөдгийг ёстой л харуулаад өглөө. Үзэгчид тэр аяараа суудлаасаа босон хашгирцгааж, алга нижигнүүлэн тэднийг тайзнаа дуудав. Удсан ч үгүй үнэхээр үзэгчдийн хүсэлтээр болж, хамтлагийн гишүүд ч гитараа барин гарч ирлээ.Тэд дахин гурван дуу “дахиулсан” юм.  Бидний хамгийн ихээр сонсох дуртай “That’s why” дуугаар тоглолтыг өндөрлөхөд одоо л нэг үзэгчдийн сэтгэл ханасан мэт. Манай залуучууд тоглолтын сүүлийн хэсгээс суудлаасаа босоцгоож тоглолтыг маш доргио үзсэн. Өмнө нь ийм гайхалтай тоглолт үзэж байсангүй. Гадаадын алдартай дуучид тоглолтоо хийнэ хэмээн нэг бус удаа хууртагдаж байсан Монголчууд бидний итгэлийг алдалгүй, манай орныг зорин ирсэнд талархал илэрхийлж байна. “You make us wonderful!” буюу “Та нартай байх гайхалтай байлаа” гэсэн сайхан үгээр тэд тоглолтоо төгсгөсөн бөгөөд “Bayarlalaa Mongolchuudaa” хэмээн төрийн далбаан дээр бичсэн үг дэлгэцнээ гарсны дараа үзэгчдийнхээ өмнө мэхийн ёслосон юм. 

0 Сэтгэгдэл:

Post a Comment